Friday, July 20, 2012

Мөнгийг зөв, сайн хэрэглэх нь сайн олохоос илүү чухал


Хүн хүнээс онцгой харамч, ясны нарийн нэг охиныг би мэдэх юм байна. Тун чухал яаралтай л хэрэг биш бол таксинд суудаггүй, шимтгэл төлөхөөс нарийлаад ажлын бус цагаар бэлэн мөнгөний машинаар үйлчлүүлдэггүй байлаа. Тэр бүсгүй найз нөхдийнхөө дунд ч гэсэн харамч, нарийнаараа нэрд гарсан нэгэн байв. Гэтэл цорын ганц онцлог нь тэрээр жинсэн өмдөнд туйлаас дуртай учраас улирал бүр хэдэн зуун мянган төгргийн үнэтэй жинсэн өмд ганц хоёрыг заавал авдаг байлаа. Бусад хувцсаа улирал солигдох үеэр юмуу хямдралын үеэр худалдаж авч өмслөө ч ганц жинсэн өмдөнд л үнэ хайрлалгүй мөнгө зарж хамгийн моодны сүүлийн үеийнхээс нь авч өмсдөг байлаа.
Арвилах, хямгадах гэдэг биед нь шингээстэй тэр бүсгүйн үеийн хэрэглээг мэддэг ойрын хүмүүс нь түүний жинсэн өмдний үнийг сонсоод чихэндээ итгэдэггүй байв. Тийм таталдан хүн байж цуглуулсан мөнгөө дэмий юманд үрж байна гэж өмнөөс нь харамсах хүн байдаг боловч, тэр бүсгүй жинсэн өмднүүдээ өмсөх болгондоо түүний үнэнээс хамаагүй илүү сэтгэл ханамжийг авдаг гэж ярьдаг. Өмдөө өмсөх болгондоо мөнгө гэдэг үнэхээр сайхан зүйл шүү гэсэн бодол төрж илүү ихийг олж илүү ихийг цуглуулахыг хүсдэг гэж бас ярьдаг юм. Бодит байдал дээр тэр охин ажилдаа ч нилээд чадалтай сайных нь тоонд ордог, үеийнхнээ бодвол хурааж цуглуулсан юм ч ихтэй билээ.

Үнэтэй жинсэн өмд үнэтэйнхээ хэрээр чанартай байх эсэх нь бидний ярих гэсэн асуудал биш.
Чухал зүйл нь аз жаргалтай болгож чадах зүйлд гар таталгүй мөнгийг зарцуулж чадаж байгаа түүний чадвар билээ. Ямар ч бодолгүй гарын аясаар хэн лүү ч хамаагүй залгаж байдаг гар утасны төлбөр, харилцагч банк руугаа явахаас залхуураад аль ч хамаагүй банкны бэлэн мөнгөний машинаас мөнгө авахдаа суутгуулдаг мянган төгрөг, байнга шахуу ууж байдаг хоолны үнэтэй дүйцэхүйц кофе...

Иймэрхүү  зүйлүүд бидний халаасыг чимээгүйхэн хоосолдоггүй гэж үү?
Зах дээрээс ногоо авахдаа үнийг нь бууруулдаг мөртлөө хэдэн сая төгрөгийн үнэтэй брэнд худалдаж авдаг баян айлын авгай нарын хэрэглээний хэлбэрийг хараад шүүмжилж буруушааж байгааг бид байнга л хардаг.
Гэтэл баячууд ногооний үнийг хасч ногоо зарж байгаа эмэгтэйчүүдийг дарамталж, тэдний барааны үнийг нэг төвшинд байлгах гэж тэгж байгаа юм биш, угаасаа баячуудын хэрэглээний хэлбэр тийм байдаг ба бас тийм байж баян болдог юм. Өөрөө юунд сэтгэл хангалуун байна тэр зүйлдээ мөн сэтгэл хангалуун байх хэмжээний төлбөрийг төлөх ёстойгоо мэдэж зарцуулж байгаа нь тэр юм.Одоо таныг хамгийн аз жаргалтай болгодог зүйл юу болохыг олж мэдэн, тэр зүйл чинь л биш бол өөр ямар нэгэн зүйлд мянган төгрөг ч хэрэглэхгүй гэсэн бодолтой болох хэрэгтэй. Хэрэглээ гэдэг жинхэнэ утгаараа хэрэгжиж эхэлдэг хэрэглээний
 зуршилаа зөв тогтоож чадахгүй бол насан туршдаа мөнгийг гар таталгүй хэрэглэх хувь тохиол гарахгүй л болов уу.
Зуун төгрөгний зарлагаа ч бичиж бай.
Хүнтэй сууж гэр ахуйн зарлагын дэвтэр хөтлөхөөсөө өмнө ихэнх хорин настнууд зарлагаа хянадаггүй. Зарлагаа хянахын ач холбогдлыг төдийлөн мэддэгүй, ойшоодоггүй нь эхний шалтгаан бөгөөд байнга бичихээ мартах юмуу ядаргаатай санагддаг нь хоёр дахь шалтгаан. Гэтэл яг адилхан сая төгрөг зарлагадахад зарим хүн хоёр сая төгрөгийн үнэ цэнэтэй юм худалдаж авдаг, зарим хүн таван зуун мянган төгрөгийн үнэ цэнэтэй юм худалдаж авч орхидог. Хэдийгээр цалин гээд шалихгүй хэдэн цаас байлаа ч “зөв захиран зарцуулах”, “гарынхаа салаагаар урсгаж” хэрэглэх хоёрын хооронд тэнгэр газар шиг ялгаа байна.
Ялангуяа тогтмол орлоготой  хүн заавал зарлагаа тэмдэглэж дараа сард үүнээс илүү мөнгийг зүй зохистой хэрэглэх гэж хичээх хэрэгтэй. Хаашдаа л гарах зарлагаас хойш тэрийг цаасан дээр тэмдэглэлээ гээд юуны ялгаа  байхав дээ гэж бодогдож болох ч хэдэн сарын турш бичээд байвал тогтмол зардал гэж бодсон зарлагууд хүртэл багасч байгааг аяндаа харах болно. Би юунд хичнээнийг хэрэглэж байгаагаа мэдэж авна гэдэг мөнгийг зөв захирч зарцуулахын эхлэл юм.
Сүүлийн үед амтай болгоны ярьдаг үл хөдлөх хөрөнгийн үнэ, улс төрд ороход зарцуулах мөнгө гэх мэтийн олон тэгтэй мөнгөний дүнг сонсоод өөрт байгаа арав, хорин мянган төгрөгөө харьцуулж голох юм бол мөнгийг зөв зарцуулж, хурааж хумхина гэдэг худлаа. Хэрэглээгээ хянах нэгж бол мянга биш зуугаас эхлэх ёстой. Зуун төгрөг, хүртэл арвилж, гамнах сэтгэлтэй байж гэмээнэ нэг жилд хэдэн саяыг хэмнэж чадна гэсэн үг билээ. энэ утгаараа зөв хэрэглэнэ гэдэг амаргүй зүйл.
“Заавал ингэж амьдрах ёстой юмуу?” ингэж бодон сэтгэлээр унах хэрэггүй. Хэдэн зуун сая вон цуглуулж хуримтлуулсан баячуудын хүртэл энэ л зарчмаар явж ирсэн. Та энэ зарчмыг нэг удаа ч болов туршиж үзээд арвилж гамнасан мөнгөө урамтай нь аргагүй хэрэглэж үзвэл арвилах, гамнах гэдэг хичнээн сонирхолтой, хөгжилтэй зүйл болохыг мэдэж авах болно.  


Эх сурвалж: Нам Ин Сүк

No comments: