Хойдын тухай

Миний бие Явган Хойдын удам хэмээн хөгшин ээж болоод ааваасаа сонсож өссөн бөгөөд нийтээрээ овогоо сэргээн хэрэглэх үед Хойд гэж ургийн овгоо бүртгүүлсэн тэр л цагаас энэ Хойд гэдэг овогийн талаар сонирхон хайж эхэлсэн билээ. Аав Увс аймгийн Бөхмөрөн суманд төрсөн Дөрвөд яс үндэстэй гэдэг байсан боловч ургийн овогоо бүртгүүлэх их ажил ундраад байсан тэрхэн үед ямарч эргэлзээ тээнэгэлзээгүйгээр Хойд хэмээн бичүүлж билээ. Би нас залуу байсан болохоор алдарт боржигон овогоор бүртгүүлэх хүсэлтэй л байлаа. Тэглээ гээд хайрт аавынхаа овогоос татгалзан буруу овогоор овоглох гэжүү?. Бас л нэлээн их асууж шалгааж байж л Явган хойдын алдарт түүхийг сонсож байж бахархах сэтгэлээ дарж ядан чин сэтгэлээрээ хөөрч баярлан энэхүү овгийг хүндэтгэлтэйгээр өөрийн нэрний өмнө Тавих эрхийг баталгаажуулж билээ. Ингээд Хойдын талаар товчхон түүх шастир болоод ном судар аман ярианд үлдсэнийг түүвэрлэн байж нэгн багц болгохыг оролдлоо.


Хойд хэмээх аймгийн нэр XVII зууны дунд үеэс түүхэн сурвалжид дурьдагдах болжээ. Тодруулбал “Эртний монголын хаадын үндэсний их шар тууж”-ид 1643 оны усан гахай жил V Далай лам Данзанжамцын бичсэн “Залуусын хурим” -д Хойдын уг нь Явган мэргэн, мөн “Монголын нууц товчоо”-нд дурьдагдах Хутуга бэхиг Хойд хүн болох тухай дурьдсан байдаг 
Хойд нь Ойрадын эртний язгуурлаг аймгуудын нэгэн бөгөөд угсаа гарвалыг нь тодруулбал:
Чингис хааны дээд өвөг болох Торголжин баян Дува сохор, Добу мэргэн хэмээх хоёр хүүтэй аж  Дува сохор ах нь  Доной, Догшин, Эмнэг, Эрх гэх дөрвөн хүүтэй атал Дува сохорыг үгүй болсны хойно дөрвөн хөвгүүн нь Добу мэргэн авга юугаа урагт үл тоон гурван голын сав нутгаас дүрвэн нүүж Горлос буюу Енисей мөрний сав газар нутагласан хэмээн Монголын нууц товчоонд бичжээ. Энэ үйл явдал IX зууны сүүл X зууны эхэн үед болжээ.
Ингээд Дува сохорын хөвгүүдээс салбарласан нь Ойрад /баруун монгол/  Добу мэргэний хөвгүүдээс салбарласан нь язгуурын монгол /зүүн монгол/ хэмээн нэрлэгдэх болжээ.
Ингээд Дува сохорын дөрвөн хөвгүүн Доной, Догшин, Эмнэг, Эрх нар Ойрадын Өөлд, Баатуд, Хойд, Хэрэгнүүд, аймгуудын өвөг дээдэс болсон гэнэ. 
Хойд хэмээх нэрийдлэгийн талаар нэг хэсэг судлаачид хонь ихтэй байснаас Хойд хэмээгдсэн  нөгөө хэсэг нь Ойрад аймгийн умард хэсгээр гол төлөв нутагладаг байснаас Хойдууд хэмээн нэршсэн гэж үздэг ялгаатай ойлголтууд байна.
Хойдууд бусад аймгуудын хамтаар язгуурын монголчуудаас салан тусгаарлан Ойрадын эртний аймгуудыг үүсгэсэн он цаг нь даруй Х зууны эхэн үе бөгөөд XIII зууны эхэн үе гэхэд нэлээд хүчирхэгжин бусад аймгуудаа мэдэн захирах болсон ажээ. Тиймээс ч “Монголын нууц товчоо”-нд Хойдын Хутуга бэхийг Ойрадын Хутуга бэх хэмээн тэмдэглэсэн буй за [Монголын нууц товчоо, 1990, 239-р зүйл]. Энэ үед Енисей мөрний дунд урсгал, Байгаль нуурын баруун биеийн ой тайгат нутагаар нутаглан сууж байсан бололтой байдаг тиймээс ч эрхлэх аж ахуйн хувьд ч ан агнуурыг голлон эрхэлж байв. 1207 оны туулай жил Зүчи баруун гарын их цэргийг аван Ойн иргэнийг дайлаар мордох үед Хойдын Хутуга бэх түмэн Ойрадаа аван эн түрүүн элсэн ирсэн бөгөөд үүнд Чингис хаанаас ихэд соёрхон түүний хөвгүүн Иналчид Цэцээхэн охиноо, Төрөлчид Зүчийн охин Олуйханыг өгч ураг барилдаж байсан байна [Монголын нууц товчоо, 1990, 239-р зүйл]. Энэхүү ургийн явдал үүгээр зогссонгүй Хойдын ноёд гурван үе өрлөж Чингис хааны алтан ургаас хатан буулгасан тул яс нь цайж “Цагаан туг”-ийн ноён болж байжээ. [Дөрвөн Ойрад, 2001, тал 26]
Хойдын түүхнээ Явган мэргэн хэмээх нэгэн их хүний нэр ихэд дурсагдах бөгөөд чухам хэн болох талаар харилцан адилгүй саналууд дэвшигдэн гарах боловч тэдгээрээс нэлээд тал өгүүштэй нь Хутуга бэхийг Явган мэргэн хэмээдэг байсан гэх санал юм. [Очир.А, 2006,] Харин хөгшин ээжийн ярьдаг байсан домогт: Яагаад явган хойд гэдэг учир нь олон хойдын дотороос нь явган хойд нь онцгой доо, Явган мэргэний үрс юм, Ялуухан хатаны уг юм,  бага цагаахан ястай, баатар дайчин цөстэй, хурд дайруулахгүй хуульд баригдахгүй, аянганд ниргүүлэхгүй аадарт норохгүй, сарын газрыг өдрөөр товчилдог сааталгүй явж зорьсоноо бүтээдэг, хоногийн газрыг хормоор товчилдог, харилгүй зүтгэж хэлсэнээ хийдэг гээд тууль мэт аялгуулан ярьж өгдөг байж билээ. Харин тэр их хүн өөд болох цагтаа өрхөөрөө солонго татуулан өөд заларсан ангир шувуунд хувилан хатан нь бас одсон гэдэгсэн. Домог бол домог гэвч домогт үнэн нуугдаж байхыг үгүйсгэх аргагүй билээ. 
Улс төрийн бутралын үе (1368-1691 он)-д Хойдыг Хутуга бэх, Иналчи нарын шууд удмын ноёд болох Эрх хар, Одон ноён, Очир Мянгад, Сутай Мянгад, Эсэлбэй, Сайн хиа, Султан тайш, Алдар хошууч нар угсаа залган захирч байжээ. Эсэлбэй, Сайн хиа эцэг хөвгүүд Ойрадын түүхэнд их гавъяа байгуулж байсан тухай мэдээ байх бөгөөд түүнийг нь мөшгөн үзвэл зүүн монголын ноёдын довтолгооноос Ойрад түмнийг удаа дараа аварч их алдар гавъяа байгуулж байжээ. Тодруулбал 1612 онд Хотогойдын Алтан хан хэмээх Шолой увш хунтайж дөрвөн Ойрадад довтлон ирэхэд Сайн хиа аргаар буцааж дахин дайлахгүй байх ам тангарагыг нь авч байв. Энэ үед Хойдууд ихэд наашлан Алтай даван Хүнгүй, Завхан голын саваар нутаглаж байсан мэдээ байдаг.
Хойдын язгуурын дөрвөн том овог байдаг байсан бөгөөд эдгээр нь Их мянган, Цагаан туг, Алаг гулз, Өл түмэн юм [Дөрвөн Ойрадын түүх, 2001, тал 36]. Түүхэн сурвалжийн мэдээг иш үндэс болговол, Хойдууд нь үндсэн найман том отогт хуваагдаж байсан бололтой бөгөөд Саган сэцэний “Эрдэнийн товч”-ид найман мянган Хойд хэмээх мэдээ гарч буй [Саган сэцэн, 2006, тал 70.а.] бол хожим Зүүнгарын хаант улсын ноёдын эзэмшил 21 ангийн 7 анги нь Хойдын анги [Ойрад Монголын түүх, 1994, тал 554] хэмээн өгүүлсэн нь ч бий.
XVII зууны эхэн үеэс Хойдууд тархан сарниж эхэлсэн бөгөөд 1612 оны Халх-Ойрадын дайны өшөөр Хотогойдын Алтан хан Хойдод сэхэл өгөхгүй довтлох болж улмаар Их мянган овгийн голдуу хүн амыг өөрийн эрхшээлдээ оруулж авч чадсан байна. Ингэснээр Хотогойдын зургаан том отгийн нэгэн нь бүрэлдэн бий болжээ [Монголо-Ойратскiе законы, 2004, тал 40]. Харин XVIII зууны сүүл үе буюу 1770-аад оны орчим Их мянган отгийнхон Хотогойдоос салан Ойрад түмнээ зорин ирсэн нь өнөөгийн Ховд аймгийн Мянгадууд юм.
1752 онд Хойдыг захирч байсан Амарсанаа Даваач хаантай эвдрэлцэн өөрийн харъяат 2000 Хойдын хамтаар Манжид дагаар орсонд Халхын Засагт ханы нутагт нутаг заан суулгасан улмаар Манж нар Ойрадыг эзлэх явцад Султан тайшийн удмын Галдандаржаа 1755 онд хүчинд автан дагаар орсонд Манж нар түүнийг тэргүүн зэргийн тайж өргөмжлөн Амарсанаагийн харъяаттай хамтаар захируулан нэгэн хошуу зохион Засагт хан аймагт хавсруулжээ. 1767 онд  Галдандаржааг бие барсаны хойно түүний дүү Лагчин харыг засаг ноёноор өргөмжилжээ. Улмаар энэ хошуу Засагт хан аймагт хавсаргасан Хойд засаг тэргүүн зэрэг тайжийн хошуу, Засагт хан аймагт хавсарсан Хойд Сүжигт гүний хошуу, Хантайшир уулын аймгийн Батхайрхан уулын хошуу гэгдэж байгаад 1924 онд Гурван сайхан жаргалант уулын хошуунд нийлсэн байна. 1931 оны засаг захиргааны зохион байгуулалтаар Алтай аймгийн Шарга сум болон төлөвшжээ. Одоогийн Говь-Алтай аймгийн Шарга сумын хүн ард тэрхүү Амарсанаа, Галдандаржаа нарын захирч байсан хүн ард юм.
1755 оны үед Хойдын тайж Дамиран, Лувсан нар харьяат ардын хамт Дөрвөдийн гурван Цэрэнг дагаж ирсэнийг Дөрвөдийн сайн заяатын чуулганд багтаан хоёр хошуу зохиожээ. Энэ нь Дөрвөд дотор шингэсэн баруун зүүн засгийн Хойдууд юм.
Монгол-Ойрадын түүхнээ өөрийн балрашгүй ул мөрийг үлдээсэн олон арван улс төр, нийгмийн зүтгэлтнүүд Хойд аймгаас төрөн гарсан бөгөөд тухайлбал Хутуха бэх, Иналчи, Төрөлчи, Хар хирүгэ, Мөнхтөмөр, Эсэлбэй, Сайн хиа, Султан тайш, Сүмэр тайш, Алдар хошууч, Баяр гүн зэрэг тухайн үедээ нөлөө бүхий д тооцогдон байсан төрийн зүтгэлтнүүдийн зэрэгцээ “Дөрвөн Ойрадын түүх”-ийг зохиогч Баатар увш түмэн Хойд хүн байсан ажээ.
Ийнхүү зүдэг хар цагийн эрхээр Хойдууд Ойрадын тэргүүлэх их аймаг байсан тэрхүү хүчирхэг идэрмэг байдал нь алдагдаж өдгөө БНХАУ-ын Шинжаан-Уйгурын өөртөө засах оронд Хөх нуурын Хойд нэгэн хошуунд, Монгол улсын Говь-Алтай аймгийн Шарга суманд, Ховд аймгийн Булган сумын 5-р багт, Увс аймгийн Түргэн, Тариалан сумдад Дөрвөд, Хотон нартай зэргэмжлэн тус тус бөөнөөр оршин суухын зэрэгцээ Ойрадын Өөлд, Хошууд, Торгууд мөн Хотогойдууд дунд овгийн байдалтайгаар оршин тухайн ястандаа бүрэн ууссан Хойдууд ч байна. Ингээд Хойдуудын зонхилон ууссан үндэстэн доторхи овгийн хэлбэрээр харахын бол  
Дєрвєд:
Дєрвєдvvд Увс аймгийн Бєхмєрєн, Давст, Єлгий, Ємнєговь, Сагил, Ховд, Наранбулаг, Завхан, Тариалан сумдад, Ховд аймгийн Дєргєн, Мянгад, Баян-Єлгий аймгийн Ногоон нуур сумдаар амьдарсаар иржээ. Дєрвєдvvд цорс, таргад, цоохор, хошууд, дураал, шаазгай, хойд шарайдууд цагаагчууд, борлууд, галууд гэх мэт 100 гаруй овог, отог байдаг.
Єєлд:Ховдын Эрдэнэбvрэн суманд бєєнєєр амьдардаг энэ vндэстэн мєн Архангай, Баян-Єлгий, Завхан, Сvхбаатар, Баян хонгор.Сэлэнгэ, Дорнод, Дорноговь, Говь-Алтай аймгуудад амьдардаг байна. Энэ ястан нь бусад ястны л адил олон овогтой билээ. Vvнд: цорос, ноён цорос, нохой цорос, хошууд, хойд, шар хойд, цагаан хойд, хойд цувдаг, хулан цувдаг бvргэд, шар монгол гэх мэт олон овгууд багтдаг байна.
Тува: Энэ vндэстнvvд Баян-Єлгий аймгийн Цэнгэл суманд бєєнєєрєє орщин суудаг ба Ховдын Буянт суманд цєєн тооны тува бий. Тувачууд 50 гаруй овогтой. Тэдгээрээс нэрлэвэл: хар соён, цагаан соён, иргид, галзаан иргид, єєлид иргид зэрэг багтана.
Урианхай: Ховд, Баян-Єлгийн хэд хэдэн сумдаар нутагласаар иржээ. Мєн Хятадын Шиньжаан, Оросын буриад, Євєрмонголд оршин суудаг байна. Алтайн Монгол Урианхайн овог гэвэл: хорхон, тvнхэл, єєлєг, их, дунд, бага єєлєг, хар дєнхєл, шар дєнхєл, ховшоо, ятуун, хойд, цагаан туг гэх мэт.

Хотгойд (Хотогойд) бол Монголын нутгийн хойд хэсэг Хангайн нурууны араар нутаглаж ирсэн овог аймаг юм. Урьд нь Хойд аймаг нэртэй байсан бололтой. Зарим хэсэг нь Зүүнгар руу нүүж үлдсэн нь Хойд Хойд буюу сунжирсаар Хотгойд болсон. XVI-XVII зууны үед Хотгойдын Алтан ханы улс оршин тогтнож байсан. Зүүнгарын Хойдын ноён Амарсанаа ХотгойдынЧингүнжав нар амархан нөхөрлөсний учир нь нэг аймгийн гаралдаа байсан болов уу. Одоо Завхан аймгийн хойд талын сумд, Хөвсгөл аймгийн олон суманд хотгойдууд суудаг. Хотгойдууд бол "Алтан Ураг" -ынханд багтах нэгэн овог гэж үздэг хүмүүс байдаг юм. Тэднийхээр үүний баталгаа нь "Их Эзэн Хаан"-ы 4 дэхь хүү Тулуйн угсааны "Бат-Мөнх Даян Сэцэн Хаан"-ы 11 дэхь хүү Жалайрын Хунтайж "Гэрсэнз"-ийн ууган хүү "Дархан Хунтайж Ашихай Ноён"-ы удаах хүү "Дайчин Хунтайж Түмэндар"-ын ууган хүү Хотгойдын дээд өвөг болох "Хотгойдын Алтан Хан" "Сайн Хунтайж Шолой Уваш"-ын удаах хүү "Хунтайж Дай Эрдэнэ"-ийн ууган хүү "Гэндэн Бэйл" түүний хүү "Бүүвэй Бэйл"-ийн хүү "Банди Бэйл"-ийн ууган хүү нь манжын эсрэг тэмцлийн удирдагчдын нэг бөгөөд бүх цэргийн ерөнхий жанжин "Хотгойдын Шадар Ван Чингүнжав" юм. "Шадар Ван Чингүнжав" болон Хотгойд түмний өвөг дээдэс "Их Эзэн Хаан" бөгөөд "Тулуйн" угсааны үр сад бол "Хотгойд"ууд юм. "Хотгойд" гэдэг нь ямар нэг аймаг болон үндэстэн,ястан биш бөгөөд гагц овог юм. 
Ямартаа ч Хойд хэмээх нэгэн аймаг оршин байсан бөгөөд омог цөс ихт шудрага дайчин улс байж бурууг үл тэвчин зөөлөнд эергүү хандаж түүхийн их нугачаанд өдийг хүрсээр ирсэн ажээ. Харин үрс болох бидэнд эцэг өвгөдийн замаар замнаж энэхүү хөлс цус үнэртсэн түүхийг цааш омог бардам үргэлжлүүлэх л үлдлээ....

No comments: