Thursday, October 11, 2012

Хүндлэлийн тухай эргэцүүлэл

Өнөөдөр цас орсон сайхан өдөр,  хүйтэний эрч мэдэгдэхүйц чангарч намар нэгэнтээ алслан буйг мэдрүүлэнхэн цас орсоор. Өглөө сэрээд цонхоороо хархад Богд хан уулын орой цасан хуяг нөмрөнхөн, цан хүүрэг татууланхан, хөх саарал өнгөөр хөшиглөн байлаа. Хүндлэл төрмөөр хайрлаж бас бахархмаар. Цагийнхаа аясанд зохицон ой моддынхоо алтан шаргал навчисыг жишим ч үгүй сэгсэрч хаяад турьхан бахим хэмээн ялгалгүй мөчир бүр дээр хүйтэн цасан хүрмээ хайнга хэдрэн, хайруу цасан дунд хүүрэглэн суугаа уулс хүндлэлийг төрүүлэх юм . Хальтхан хархад хээрийн замын хажууханд хэлтгийдүүхэн лоовууз духдуулан, гаанс юугаа ганц хоёр шившинхэн жолоо цулбуураа тахимдан суугаа заамаа задгайлж зангаргаа гайхуулсан, алсыг бараалж, угтах цагийг тольдонхон суугаа өвгөн буурал аав ч юм шиг.  Гүйж очоод энгэрт нь асаж асгартал уульмаар, адуу малтай ноцолдож эвэршэж хатуурсан алгаар нь 2 хацраа илбүүлэн  өөвөн сөөвөн сахалынх нь үсээр гижигдүүлэнхэн духан дээрээ үнэрлүүлмээр... 
Уулс  долигонодоггүй, уулс хуурдаггүй, уулс ухаантай ажээ... 
Өвгөн буурал мэт өндөр уулс цасан хүрэм хөдрөх нь турьхан мөчрийг хөлдөөж болох ч хаврын урь ороход усан эрдэнэ нь амь болохыг мэдэрсэндээ л тэр. Гэтэл хүн гэгч агуу биологийн төрөл зүйл маань хэн нэгэн эрхэмийн бусдынхаа төлөө гэсэн шийдвэрийг хүлээн авч нийтээр дагах туйлын дургүй атал хэрэв хойшдын үйл нь саад тотгортой санаа муутаны учруулсан хороос болоод хохирол хүлээхэд хүрвэл нөгөө л цэцэн мэргэнийг ойлгон хүлээж олон түмэнд анх таниулан олноороо дагахыг уриалан байсан тэр л хүнээ буруутган тал бүрээс нь зэмлэн байх нь харамсалтай. Хүндэтгэл хүлээж чадаагүй тэр хүний буруу юу хүндэлж сураагүй нийт олны буруу юу. Хүндэтгэлийг хэн хүлээхийг хүснэ тэр хүн өөрөө бусдад үлгэр болох хэрэгтэй билээ. Хүндэлж хайрлах тусам аав мэт, уулс мэт байхыг бусад нь түүнээс шаардана. Харин хүн "аав мэт уулс мэт" байж чадахгүй байж яагаад бусдаас хүндлэлийг хүснэ вэ. Ухаантай, тэнэг, удам судар сайн муу эсэхээсээ үл хамаарч хүндэтгэлийг бүгд эрэх юм. Гэвч хүндлэл хүлээсэн хүн бусдаас илүү байх учиртай гэдгээ үл ухаарна. Хормын төдийд олсон алдар нэр болон хөрөнгө мөнгөөр хүндлэлийг худалдан авч болох ч алдар нэрээ мөнхжүүлж эс чадаад эд хөрөнгөө барахын цагт худалдаж авсан хүндэтгэл тань хуурамч байхыг мэдрэнэ. Харин үл хувирах алдар нэр үл барагдах эд баялаг гэж үгүй тул хүндлэлийг үүгээр бүү худалдан аваач. Харин бусдаас илүү байх учирыг зөвөөр тайлж, алсыг харж хүн шиг хүн байж бусдыг хүн болгож хожим сайн үйлд дагуулан жинхэнэ хүндлэлийг олж аваасай. Нэгэнт олсон  хүндлэлээ бүү гээгээсэй. Зовлонг хатуужин давж зорилготой амьдарч, буурал өвгөдийнхөө битүү үгийн оночийг тайлж хүндэтгэлийг та минь өөртөө хураагаарай. Ялдам яруугаар хүндэтгэл таныг урин дуудна би. Төвшин төлөвөөр хүндэтгэл таныг би угтан бэлдэнэ. Ууч энэрлээр хүндэтгэл таныг би тухлуулан саатуулна. Ухаан сийрэг буурлуудын сургаалиар хүндэтгэл таныг би бөхлөн аргамжина.   Харин та минь хүндлэл болоод хүндэтгэлийг хослууланхан хүн мэт АМЬД яваарай.



No comments: