Monday, May 13, 2024

Хаа хамаагүй тэмтрэхүй


Сэтгэл, сэтгэлийн мухар, сэтгэлийн чинад, чиний дотоод гоо үзэсгэлэн, шарх сорив, гомдлын эцсийн цэг, ганц удаагийн тайтгарал, гутамшиг, зөвлон, шаналал, хэн хэзээ ч хамт үүрд байдаггүй, Хэний хүү хэн байсан, хэн байх нь яагаад чухал вэ, мөнгөгүй бол хэзээ ч бүтэхгүй мөрөөдөл, ха-ха- ха-ха эможинууд, гуниг түүний сүүдэр, толгойд эргэлдэх дуу чимээ, харанхуйн тансаглал үхлийн тухай эргэцүүлэл, нүүр тулах үеийн мэдрэмж, тэр үед чи бууж өгч чадах болов уу. Үхэл үнэхээр үлэмжийн үзэсгэлэн гоо хатагтай шиг, яагаад түүнийг хадуур барьсан хар юүдэнтэй үзэшгүй царайтай, хохимой толгой гэж дүрсэлдэг юм бол. Тайтгарал, тасралтгүй хөврөх амар амгалангийн оронг үзээрийн муухай гэж дүрслэх нь хэнд хэрэгтэй гэж. Зуурдын 6 орны зэсэн улаан өнгөт уул, эцэс төгсгөл нь үл харагдах уртаас урт хүн цуваанд ядуу хоосон өлсөж цангасан нь их юм. Яагаад гэж бодох тусам зүрхээр базалж, самсаа шархирах. Олон жилийн өмнөх дурсамж хөвөрсөөр хорвоогийн тоос хөдөлсөөр, он цаг улирсаар одоо удахгүй гэх уншлагатны тоонд орох гээд л байдаг. Гэтэл би янзага шиг гэнэн, цаас шиг цагаан, цас шиг эмзэг, яг зулзган ногооны нахиа шиг зөөлхөн баймаар байна. Мэдлэг гэдэг чинь хуримтлагдаад л байдаг, үүнийгээ ашиглачихвал баяжихад үгүй мөн ч амархан санагдах юм. Гэхдээ хүсэхгүй байна. Хүсэхгүй юм чинь хийхгүй, хийхгүй юм чинь гуйлгачинаараа л үлдэх байх. Хүсэл төрүүлэх нь чин сэтгэлээсээ хүсэж зорих, шунаж тачаах хэрэгтэй юм байна. Гэтэл тэр шунал нь мөнгөн дээр очихоороо л салхинд хийссэн үнс шиг алга болчих юм. газар орноо голоод л байдаг. Гэтэл газар орондоо ч биш гагцхүү л хүсэл тэмүүлэлдээ л юм байна. Эргээд сэтгэл, сэтгэлийн мухар дахь айдас, зөв буруугийн дэнс хэзээ ч үүрд гэж байдаггүй тухай үнэн дээр очилоо.  

No comments: